Орхон аймгийн Улсын тэргүүний Жаргалант сумын цахим хуудсаар морилон саатаж байгаа Танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил, хүний нийгмийн оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн мэндчилгээгээ та нартаа илгээж байгаадаа баяртай байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үйл ажиллагаагаа ил тод байлгаж, нутгийн иргэд, олон түмнийгээ мэдээ мэдээллээр тасралтгүй хангах зорилгоор Жаргалант сумын цахим хуудсыг ажиллуулж байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын 9 дэх удаагийн бүрэн эрхийн хугацаанд Орхон аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хариуцлагатай өндөр албан тушаалд итгэл үзүүлэн сонгосонд талархахын зэрэгцээ төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах боломж мөн өндөр хариуцлага хэмээн миний бие ухамсарлаж байна. Нутгийн Өөрөө Удирдах Байгууллагын чадавхыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлж иргэний чөлөөт индэр болгоход таны идэвх оролцоо, санал санаачлага хамгаас илүү үнэтэй билээ.
Уудам Монгол орныхоо цээжинд орших Жаргалант сайхан нутгийн ажилсаг хөдөлмөрч ард иргэд та бүхний мэргэн сонголт, тууштай хөдөлмөрч байдлын хүчинд төрөлх нутаг минь жилээс жилд хөгжин дэвшиж улс орныхоо хөгжлийн тулгуур болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Манай цахим хуудас орон зай, цаг хугацааг товчлон биднийг холбох гүүр болж Та бүхэн манай байнгын зочин, мэргэн зөвлөгч байна гэдэгт итгэлтэй байна.
Орхон аймгийн Жаргалант сумын хөдөлмөрч түмэндээ мэлмий тунгалаг, өлмий бат оршиж, өрнүүн их ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэхийн ялдамд эрүүл энх, саруул ухаан, дундаршгүй эрч хүчийг хүсэн ерөөе.
Таныг хүндэтгэсэн:
Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билгүүнбаатар
Сэтгэгдэл үлдээх